Wednesday, October 31, 2007

Trick or treat


Halloween болж бид өнөөдөр "trick or treat" гээд айл хэсэв. Хэсэх ч гэж хүү маань нэг ийм баг өмсөөд найз нартайгаа салаад явчихав. Том болж байгаа тэр юм байх даа, ээж дүүтэйгээ явсангүй гээд жаахан гомдолтой хоцорсон гэж байгаа. Тэгээд ч дүү нь аймаар багнаас нь айж уйлаад байсан л даа.

Охин маань имж болоод гарсан чинь танихгүй айлын хаалга тогшихгүй гээд буцаад ирсэн.

Tuesday, October 30, 2007

Жижиг сажиг..

Манай лабораторийн ханан дээр манайхны ирсэн улс орны төрийн далбааны зурагнууд байдаг юм. Өчигдөр харин манай даргатай ирж уулзсан хятад програмист залуу тэр зурагнуудыг харж байснаа, танайхны хэн чинь монголоос ирсэн бэ гэв. Дарга миний нэрийг хэлтэл тэр над уруу хараад, би ерөөсөө монгол хүнтэй өмнө нь таарч байсангүй энэ тэр гэснээ, нэгэн цагт хятад улс монголын нэг хэсэг байсан тиймээ? гэнэ. Ингэж хэлэх хүн өмнө нь таарч байгаагүй болохоор сонин санагдсан шүү. Би ч тийм шүү хө, чи энийг мэдэж байдаг гайгүй залуу байна шүү гээд л хэлээд тавьчихсан гэж байгаа.

Залбирч суугаа даяанч


Тэрэлж орох замд нэг ийм өрөөд тавьчихсан юм шиг хад байдаг юмаа. Нэг талаас харахад залбирч суугаа хүн шиг...

Saturday, October 27, 2007

Өөх тосны тухай хэдэн үг

Хонины махны зураг хараад Заяа, Rhia нарын үлдээсэн сэтгэгдэл хоол хүнс, эрүүл мэндийн талаар хэдэн үг бичмээр санагдуулав.
Хүний бие организм гэгч 200 гаруй төрлийн өөр өөр бүтэц, зохион байгуулалт, үүрэгтэй эсүүдээс бүтдэг бөгөөд эдгээр эсүүд доголдолгүй үүргээ гүйцэтгэхэд тэр хэмжээгээр өөр өөр бодис тэжээл шаардагдана. Тийм ч учраас бид хоолондоо үндсэн энергийн гол эх үүсвэр уураг, өөх тос, нүүрс уснаас гадна олон төрлийн витамин, минерал, бас бус зүйлсийг хэрэглэх шаардлагатай болж байгаа юм л даа.
Яг ном ёсоороо бол бид өдөрт хоол хүнснээс авах илчлэгийн 50% ийг нүүрс уснаас, 20% ийг уурагнаас, 30% ийг өөх тосноос авч байвал зөв гэж үздэг.
Өөх тос хүний биед зайлшгүй хэрэгтэй, илчлэг ихтэй учир энергийн том эх үүсвэр, түүнээс гадна эсийн мембран бүрхүүлийн бүтцэнд ордог, байхгүй байлгаж болдоггүй эд байгаа юмаа. Өөх тосыг тосны ханасан ба ханаагүй хүчил гэж хоёр хуваадаг. Ханасан хүчилд амьтны гаралтай царцаж хатуурдаг өөх тос багтана. Хүмүүсийг ийм тос бага идэж бай гээд байгаа, яагаад гэвэл ийм тос холестрин ихээр агуулахаас гадна хүний биед холестрины нийлэгжлийг идэвхжүүлдэг. Холестрины хувьд судас бөглөж, даралт ихэсгэдэг дайсан гэдгийг хүмүүс сайн мэдэж байгаа л даа.
Гэхдээ холестрины цусан дах хэмжээ, цусны даралт хоёр шууд хамааралтай бас биш юмаа. Энэ хамаарал холестриныг судас уруу тээвэрлэдэг LDL (low density lipoprotein) бас цуснаас элэг уруу зөөвөрлөх HDL (high-density lipoprotein) хоёрын харьцаагаар тодорхойлогдоно.
Удмаараа өндөр насалдаг (энд нас өндөр ч ухаан санаа соргог, эрүүл чийрэг хүмүүсийн талаар хийсэн судалгаа) хүмүүс болоод тэдний үр хүүхдүүдийн цусан дахь HDL ийн хэмжээ харьцангуй өндөр байдгийг манай сургуулийн нэгэн професор судалж тогтоосон юм.
Харин тийм удам байхгүй жирийн хүмүүс бид амьдарлынхаа хэв маягт бага зэрэг өөрчлөлт хийх хэрэгтэй юм шиг байгаа юм. Үүнд:
1/ Амьтны гаралтай өөх тосны хэрэглээг багасгаж түүний оронд ургамлын гаралтай тос түлхүү хэрэглэх
2/ Хөдөлгөөнтэй, идэвхтэй байх
3/ Тамхинаас татгалзах (тамхи татахад HDL хэмжээ багасдаг нь тогтоогдсон)
4/ Omega-3 анигилалд багтах тосны хүчлээр баялаг хоол хүнс хэрэглэх (загас, далайн хясаа, маалингын үрний тос, canola oil*)
Энд маргарины тухай хэдэн үг бас нэмж хэлмээр байгаа юм. Маргарин бол химийн аргаар хатууруулсан ургамлын тос бөгөөд саяханаас хүний эрүүл мэндэд жирийн амьтны гаралтай тосноосоо илүү хор хөнөөлтэй нь тогтоогдсон. Нью Иорк хотын мэр Майкл Блүүмбэрг ресторанд ийм тос хэрэгэлхийг хориглоод хагас жилийн нүүр үзэж байгаа юм. Алив тос худалдаж авахдаа hydrogenated plant oil, transfat зэргийг агуулсан эсэхийг шалгаж байгаарай.
Би хөдөөнийхөн дандаа л мах, сүү идэж уудаг тэгээд өвдөж хавдаад байдаггүй гэж маргах хүмүүстэй бас таарч байсан юмаа. Хөдөө мал малладаг хүмүүс өглөөнөөс орой хүртэл борви бохисхийхгүй хөдөлж байдаг нь тэдэнд арай ахиу өөх, тос идэх боломж гаргаж өгч байгаа юм л даа. Харин хотод ширээний ард суудаг бидэн шиг хүмүүс хөдөөний малчин эсвэл биеийн хүчний хөдөлмөр эрхэлдэг хүмүүстэй барьцаж болохгүй нь ээ. Тэгээд ч ажиглахад хөдөө мал дээр байгаа хүмүүс илүүдэл жинтэй байх нь ховор шүү дээ.
Хоёрт блогчид маань монгол эрчүүд гүзээ сууж байна гэж бичэцгээгээд л байгаа, тэр нь ч бас үнэний хувьтай. Гэдсээрээ таргалах нь олдмол чихрийн шижин тусах эрсдэлийг хэд дахин нэмдэг нь бас судалгаагаар тогтоогдсон юм шүү.
Бас л хэдэн үгийг бүрэн монголчилж чадаагүйдээ хүлцэл өчье. Та бүхэнд хэрэг болох мэдээлэл болсон гэж найдъя.
*Тосны манжин гэж монголчлох болов уу. Яг таг мэдэхгүй болохоор англиар оруулав.

Оньсого #7 хариу

Заяа бүсгүй зөв таачихлаа. Алдааг засч өгсөн Пүүжид дахин талархлаа илэрхийлье.

Эхний оньсогын хариу нүд, хоёр дахь нь нүд цавчих: бурхан гэж нүдийг, бургас гэж сормуусыг дүрсэлжээ. Сэтгэгдэл үлдээсэн бүгдэд чинь баярлалаа. Дараагийн тав дахь өдөр марталгүй орж ирж шинэ оньсогоо таагаарай.

Friday, October 26, 2007

Нутгийн зуныг үгүйлж үзсэн зураг


Намрын сэрүү ороод, дандаа бүрхэг жихүүн болохоор гаргаж үзээд санаа алддаг зураг. Хэдэн жилийн өмнө наадмаар сурын харваа үзсэн юм. Эрэгтэй харваачдын дунд тод хөх үйтэн хуар дээлтэй энэ харваач тун содон санагдсансан.

Thursday, October 25, 2007

Оньсого #7

Дахиад нэг Баасан гариг, дахиад нэг оньсого. Үгүй ээ хоёр оньсого хэлье.

Атгахад атга дүүрдэггүй
Тавихад тал дүүрдэггүй тэр юу вэ?

Бурханаа бургасаар зодно тэр юу вэ?

Хариуг уламжлал ёсоор бүтэн сайнд.

Залруулга
Тавихад тал дүүрнэ гэдгийг андуурсан байна. Анхаарч залруулсан Пүүжид баярлалаа. Алдаа гаргасандаа уучлал хүсье.

Wednesday, October 24, 2007

Weird experience

Дөхөөд иртэл зөндөө том байшин байна. Чанх урдаа том том хэдэн хаалгатай боловч ирж байгаа хүүхдүүд хажуугийн подвалын хаалга уруу цувралдан орж харагдав. Тэдний араас дагаад орвол цаана нь цэлгэр том заал, наана нь хэдэн цагдаа, метал детектор, цүнх ачаа шалгадаг рентген камер. Цүнхээ хардаг камерт харуулаад өөрсдөө метал детектороор гарч ирвэл, махлаг бор бүсгүй нааш ир гэж дохиж байнаа. Дөхөөд очвол жижиг гар детектороор гарыг маань алдлуулж байгаад шалгав. Ингэж шалгуулж байтал лав л 15 минут болсон байхаа. Нэг юм дуусаад энд хүлээж бай гэж дохив, удалгүй хар цамцтай хамгаалалтын албаны залуу ирж дээд давхарын оффис уруу хүргэж өгөв.
Та нар биднийг хаагуур яваад байна гэдгийг төсөөлж байна уу? Өнөөдөр хүүгээ Нью Иорк хотын нэгэн "public high school" д хүргэж өгсөн минь энээ. Онгоцны буудлаас өөр газар ингэж сайн шалгуулснаа санахгүй юмаа. Сургууль гэдэг гэгээлэг орчин санагддагсан. Өнөөдөр хүүгээ энэ сонин газар орхиод гарахад, сэтгэл нэг л их эмзэглэв.

Sunday, October 21, 2007

Оньсого #6 хариу

Оньсогоны хариу алаг даага юм.
Олон хүмүүс шаазгай эсвэл үнэг гэжээ. Шаазгай гэхээр нав нав юм уу тэв тэв явдалтай гэж дүрсэлж боломгүй. Үнэгний хувьд алаг биш болохоор хариу болж чадахгүй нь.
Ямар ч гэсэн таахад оролцсон та бүхэндээ маш их баярлав. Дараагийн баасанд шинэ оньсоготой уулзацгаая.

Saturday, October 20, 2007

Хадаг


Дахиад нэг хагас сайны зугаалга болгож Герман, Белги, Голландын хамтарсан монгол жүжигчдийн монгол хэл дээр тоглосон энэхүү киног өнөөдөр Cinema Village-д үзсэн юм. Хөдөө нутагт хүнд аюултай малын өвчин гарсан нэрийдлээр малчдын малыг хурааж аваад, уурхайд ажиллуулна. Уламжлалт амьдарлын хэмнэлийг хүчээр өөрчлөхөд хүмүүсийн амьдралд яаж муугаар нөлөөлж байгааг абстракт хэлбэрээр харуулахыг зорьсон бололтой. Киноны өгүүлэмж бидэнд өнөөдөр тулгамдаж байгаа асуудлыг шинэлэг хэлбэрээр хөндөж гаргаж.
Дамчаа гуай гол баатрын өвөө, Цэрэндарьзав гуай удган эмэгтэйн дүрийг чадварлаг гарагасан нь уг киног тун дажгүй болгосон санагдав. Манай ахмад жүжигчид үнэхээр мундаг шүү гэж дуу алдмаар л байлаа. Дамчаа гуайн хоолойг сонссон нэг л танил...
Сайхан залуучууд тогложээ. Төгсгөл хэсэг дэх морин хуурын аялгуу ёстой гоё.
Харин санхүүгийн асуудлаас болсон уу, өнгөрсөний тухай өгүүлэхдээ Говийн зэрэглээ киноноос кадр ашигласан байна. Говийн здэрэглээг мэддэг бидэнд бол сонин санагдмаар, харин мэдэхгүй хүнд бол зүгээр байх л даа.
Нью Иоркод маргааш гараад дуусч байгаа юм байна. Боломж олдвол үзээрэй гэх байна.
Кинотеатраас гараад Union square хавиар Түвдүүд Далай багшийн Конгрессийн алтан медаль хүртсэнийг тэмдэглэж баярлаж байхдаа таарсан юм. Талбай дээр зассан тайзан дээр бидний очиход 5 залуу товшуур (иш нь нэлээн урт харагдсан, нэрийг нь мэдэхгүй юмаа) маягийн хөгжим тоглоод дуулж бүжиглэж байлаа. Талбай дээр зүсэн бүрийн хүмүүс цугларсан байсан ч үндэсний хувцасаараа гоёсон түвд бүсгүйчүүд содон гоё харагдаж байсан шүү.

Friday, October 19, 2007

Royal Gorge Bridge, Colorado


Колорадо мужийн Канион хотын ойролцоо байх дэлхийн хамгийн өндөр дүүжин (suspension bridge) гүүр. Энэ гүүр 1929 онд Арканзас голоос 321 метрийн өндөрт баригжээ. Доогуур урсах гол ширүүн урсгалтай том боловч гүүрэн дээрээс тун бага харагдаж байгаа биз?

Thursday, October 18, 2007

Оньсого #6

За ээлжит оньсогоо хэлье.

Нав нав явдалтай
Навчин торгон дээлтэй
Тэв тэв явдалтай
Тэвхэн сайран гуталтай
Алаг булга дахтай
Алтан уурга чирээстэй
Тэр юу вэ?
Хариуг уламжлал ёсоор бүтэн сайн өдөр тавья.

Tuesday, October 16, 2007

Хоргын тогоо уруу авирах замд таарсан цэцгүүд





Нэгэнт Архангай явсан зургаасаа үзүүлж байгаа юм хойно Хоргын тогоо үзэхээр өгсөж явахад олон янзын цэцэгс таарсаныг олзуурхан авсан зурагнуудаасаа тавилаа. Цэцэгсийн нэрийг мэдэхгүй юмаа, мэддэг хүн байвал хэлж өгөөрэй.

Sunday, October 14, 2007

Тэрхийн цагаан нуур




Заяа найзын нутгийн зураг оруулъя гэж бодлоо. Би Тэрхийн цагаан нуурт хоёр удаа очсон юм. Эхний аялал маань аавтайгаа явсан сүүлийн амралт байсан юм. Тэгэхэд авсан зурагнуудаа одоо ч харахад зүрх минь шимширч хоолой зангирдаг.
Хоёр дах аялал маань нөхөр бид хоёрын хуримын аялал байлаа. Тэнд төрж өсөөгүй ч тэр сайхан нутаг миний амьдралд олон гэгээн дурсамж үлдээсэн юмаа. Түүнийгээ та бүгдтэй хуваалцья.
Сүүлд очихдоо нутгийн айлын гэр хөлсөлж хэд хоносон, сайхан хүмүүс таарсан шүү. Гэр нь жигтэйхэн цэвэрхэн, өглөөд түлээ, ус авчраад өгчихнө. Хоолондоо хий гээд зэрлэг сонгино түүж өгч байсан юм байна. Хэдэн бөндгөр хөөрхөн хүүхэдтэй залуухан гэр бүл байж билээ. Ой муутай амьтан чинь эргээд бодсон нэрийг нь санадаггүй ээ.

Чио Чио сан

Цагаан дарвуулт хөлөг онгоц зогсоолд ирэхэд
Хань минь тэр онгоцноос бууж ирнэ.
Тоглон наадаж бас
Булгилсан зүрх минь зогчих вий гэж айсандаа
Тосож би гүйхгүй, харин уулын оройд
Намайг олж ирэхийг нь хүлээнэ.
Дороос жижигхэн цэг томрон томорсоор ойртоход
Дүр төрх нь танигдаад ирнэ.
Би тэгэхэд нь амьсгаагаа дараад
Модны араар чимээгүй хүлээнэ. Бүсгүй хуримынхаа даашинзийг өмсөөд үүр цайтал суув. Болзоот хархүү харин тэртээ америкт гэрлэсэн шинэхэн гэргийгээ дагуулж иржээ.

Диваажингаас ээждээ унасан үр минь
Ээжийнхээ царайг санаж яваарай
Олон далайг гаталж амьдрал туулнаа миний хүү
Ээжийнхээ хойноос битгий гашууд... гээд бүсгүй амиа хорлов. Худал хэлж хаяад явсан америк залууг үзэн ядав. Өнчин хоцорсон бяцхан хүүг өрөвдөж өр өмрөх шахав. Хорвоо чи хүний зовлонд цадах болоогүй юу гэж хэлмээр санагдав.
Баасан гаригийн орой Metropolitan Opera д Пуччинийн Чио Чио сан (Madama Butterfly) дуурь үзсэн минь энэ. Үзсэн, мэддэг энэ тэр гэсэн ч догдолж уйлсаар гарч ирэв.

Оньсого #5 хариу

Эх нь янхир гэж тогоо
Эцэг нь донхор гэж тулга
Хүү хурц гэж галыг
Хүүхэн чимхүүр гэж галын хайчийг тус тус хэлсэн байна.
Оньсого таахад оролцсон та бүгдэд маш их баярлалаа. Баасан гаригт дахиад оньсогоор уулзъя.

Thursday, October 11, 2007

Оньсого #5

Үгүй энэ долоо хоног мөн ч хурдан өнгөрөх юмаа. Юу ч хийж амжаагүй байтал баасан гариг хаалга тогшиж байдаг. За ээлжит оньсогоо таалгая. Энэ удаад хүндэвтэр, ховор сонсогддог оньсого тавилаа.

Эх нь янхир
Эцэг нь донхор
Хүү хурц
Хүүхэн чимхүүр, тэр юу вэ?

Хариуг Ням гаригт бичнээ.

Маргааш нь...


Нар тэгэж сүрхий улайрч жаргасны маргааш нэг ийм халуун өдөр болсон юмаа. Тэнгэрийн хаяа улайрч нар жаргавал дулаахан өдөр болдог гэж сонсож байсан юм байна.

Wednesday, October 10, 2007

Нар жаргав


Энэ зургийг гурван жилийн өмнө Тэрэлжид авсан юм. Тэр орой нар жаргахад тэнгэрийн хаяа онцгой улаан болсон байсан нь содон санагдаж байв.

Tuesday, October 9, 2007

Уулын харуул (Mountain patrol)


Хятадын кино найруулагч Лу Чуаны найруулсан энэ киног үзэхэд их юм бодогдлоо. Уг киног түвдийн сайн дурын байгал хамгаалагч нарын тухай болсон явдал дээр үндэслэж хийжээ. Устаж үгүй болж байгаа түвдийн уулын гөрөөсийг нутгийн ардууд хятадын хулгайн анчдаас хэрхэн сайн дураар хамгаалж байсан тухай өгүүлсэн байна. Ерээд онд түвдэд үнэхээр "Сарлагийн хөндийн бүлгэм" гэж байгаад, гишүүд нь амь биеэ хайрлахгүй, хулгайн анчидтай тэмцэж байсан нь сүүлд олны сонорт хүрч түвдийн гөрөөсийг мөхлөөс аварсан юм гэдэг.
Бидэнд уламжлалт соёл, байгал эхээ өөрийн эрх ашгаас дээр тавих эр зориг дутаад байна уу даа гэж. Киноны гол баатар Ритай гэгч "Би хууль бус юм хийсэн нь үнэн, гэхдээ бидний үйл хэрэг түмний сонорт хүрч байвал шоронд суусан ч яахав" гэж хэлж байгаа нь үнэхээр бахархалтай санагдав. Боломж таарвал үзээрэй.

Monday, October 8, 2007

Анагаах ухааны салбарт энэ жил Нобелийн шагнал хүртэгсэд тодорлоо

Нобелийн шагналын сангаас энэ жил Америкийн Марио Каппэкчи (Mario Cappecchi), Оливэр Смиттис (Oliver Smithies), Английн Мартин Эванс (Martin Evans) нарыг анагаах ухааны салбарын шагналыг хувааж эзэмших болсныг зарласан байна. Энэ гурван эрдэмтэд гурвуулаа "gene targeting" аргыг сэдэж хөгжүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэсэн юм. Энэ аргаар хулганы "stem" эсийн ДНХ бүтцийг өөрчилснөөр, хүний өвчний модел болсон хулгана бий болгож болдог юм. Чухам энэ аргыг хэрэглэснээр сүүлийн жилүүдэд хүний удамшлын болон хорт хавдарын судалгаа тун хурдацтай урагшилж байгааг харгалзан эдгээр судлаачдыг шагнах шийдвэр гаргасан хэмээн тус сангаас тэмдэглэсэн байна.
(зарим үг хэллэгийг монголоор мэдэхгүй тул англиар оруулсан болно)

Sunday, October 7, 2007

Оньсого #4 хариу

За энэ бол гэрийн ханын толгой юмаа. Жаагий тун дөхүүлжээ. Хундага мөн дөхүүлсэн боловч Жаагийгийн дараа орсон байна. Дараагийн баасан гаригт их сонирхолтой ховор оньсого таалгана шүү, орж ирэхээ мартаваа.
Оньсогыг үзсэн, таах гэж оролдсон бүгдэд тань талархаж байнаа.

Эрвээхэй





Өнгөрсөн хагас сайнд Бронксын зоопаркт эрвээхэйн павилонд үзсэн эрвээхэйнүүд. Сэрүү орохоор хаачихдаг юм, хаахаас нь өмнө үзэж амжсан байдал.

Saturday, October 6, 2007

Хагас сайны ээлжит зугаалга

Арван сар гарчихаад байхад энд зун шиг л халуун байна. Бүгчимдээд л, хөлс гоожоод хэрэг алгаа. За тэгээд зун шиг өдрийг далимдуулаад үр хүүхдүүдээ дагуулаад зоопарк явлаа. Үзчихээд буцахдаа өмнө нь гарч байгаагүй хаалгаар гараад хэд алхаад л буруу юм хийснээ ойлгов. Буруу ч юу байхав дээ, гэхдээ л эвгүй газраар явж байж гэртээ ирсэн шүү.
Гараад нэг гудам өнгөрсөн бөөн цагдаа, түргэний тэрэг гудамжийг бүхэлд нь хаагаад нөгөө police гэсэн шар скочоо татчихсан байсан юм. Манай хүн энд хүмүүс буудалцсан байхаа гэж таамаг дэвшүүлээд, гайхасхийж өнгөрөөд хэд алхтал хоёр залуу барьцалдаж аваад дээр доороо ороод айхавтар ноцолдохтой таардаг юм байна. Нэг нь бяраар илүү болтой, нөгөөгийнхөө футболкоор толгойг нь боож байгаад гэрлийн шон түн түн хийтэл мөргүүлж алддаг юм байна. Баахан хүмүүс тойроод хараад зогсчихсон. Бид ч хүүхэд шуухадтай гээд бушуухан өнгөрч явсан.
Цагдаа ойр байгаа гэж тоож байгаа ч юм алга. Нээрээ ингэхээр Бронкс муу нэртэй байхаас ч яахав дээ. Зүрх савлачихсан юм гэртээ ирэв.

Friday, October 5, 2007

Оньсого #4

Баасан гариг хурдан болсон байна шүү. За энэ долоо хоногийн оньсогоо хэлье:

Ишигний эвэр ийшээ тийшээ, тэр юу вэ?

Хариуг уламжлал ёсоор бүтэн сайнд тавья.

Thursday, October 4, 2007

Нью Иоркийн намар


Bronx zoo

Bronx zoo

Манай цонхоор харагдах намрын өнгө

Hudson голын эрэг дээр

Bear mountain

Bear mountain

Би яагаад ч юм намарт хачин дуртай, намар намрын дундаа Нью Иоркийн намар хачин гоё гэж боддог. Бүгчим халуун нь үгүй болоод, налгар дулаахан нартай өдөр олон болдог юмаа. Модны навч улаан, шар, улаан шар гээд олон өнгөөр алаглаад ямар ч гэсэн 11 сарын дунд хүртэл нэг тийм сайхан байдаг. Модтой паркаар алхах, эсвэл хотоос дөнгөж гараад л өнгө будаг нь хосолсон зураг шиг ой мод үргэлжлээд явчихна даа. Эндээс хагас цаг хэртэй яваад байдаг Баавгай ууланд намар очих дуртай гээд байгаа. Эндхийхэн upstate гэдэг юм, хотоос гараад хойшоо гэсэн утгатай. Нөгөө алдарт West Point гэдэг цэргийн академи энд тун ойрхон байдаг юм байна лээ.
Энэ жил харин сэрүү орохгүй халуун л байгаад байгаа. Ингээд байвал навч шарлахаасаа өмнө хатаад шууд хүрэн болоод хатчихдаг гэнэлээ. Тэгэхээр энэ жилийн өнгө будаг бас тааруу байж магад гэсэн. Энд тавьсан зурагнуудыг өнгөрсөн жилийнх.

Tuesday, October 2, 2007

Болсон явдал

- Ээж ирэх дөхөж, цайгаа чаная, миний найз халуун саваа угаачих.
- За
Гал тогоонд ус гоожно.
- Хөгшөөн
- Өөв
- Дотор талыг нь бас угаах уу?
- Аанхаан.

Monday, October 1, 2007

Дахиад нэг хөөрхөн


Би зургаа нэг авахуулчихъя гэсэн шиг томоотой гэгч нь зогсож байсан хөөрхөн унага. Энэ нэг наадмын уяан дээр авсан зураг.