Thursday, November 29, 2007

Оньсого #12

За энэ удаад Заяа найзынхаа өгсөн оньсогыг таалгая. Надад жигтэйхэн гоё оньсого санагдсан юмаа.

"Цагаан гуа хатан
Арван хоёр дагуултай
Амны мөнгөн халбагатай
Аржгар пансан алчууртай" тэр юу вэ? Бүтэн сайнд хариуг нь бичье.

Tuesday, November 27, 2007

Намаажээ


Уг нь энэ блогийг өөрийнхөө үзсэн, харсан, уншсан, мэдсэнээ тэмдэглэж байя гэж нээсэн юм. Гэтэл амьдрал маань өнөөдөр үр хүүхдээ тойрон эргэлдэж байгаа болохоор, үзэж байгаа кино нь хүүхэлдэйн кино, уншиж байгаа ном нь жаахан хүүхдийн ном болчихжээ. Өдөрт тохиолдох хамгийн хөгтэй явдал ч хүүхдийн хэлсэн үг байх юмаа. Ингээд хэрэгтэй юм бичиж, бодол санаагаа хуваалцах гэхээр бас л завдал болохгүй байгаадаа уучлал хүсье. Тэгээд бас тэссэнгүй нэг паянгаа хуваалцъя гэж саналаа.
Бага охин маань хэлд орох алдаад инээдтэй юм их хэлдэг болоод байгаа. Үг болгон нь бас сайн ойлгогдохгүй ч санаагаа хүнд мэдүүлээд их сүрхий болж байгаа л даа. Саявтар нэг өдөр охин маань "намаажээ" гээд л байх юм. Би бодоод бодоод юу гэж байгааг нь ойлгосонгүй. Тэгээд миний охин намаажээ гэж юу юм бэ гэсэн над уруу дүрлийтэл харж байснаа хэлээ гаргаад, хоёр чихээ татав. Би сая л нэг юм сармагчин гэж хэлээд байсныг нь ухаараад, жигтэйхэн их инээсэн гэж байгаа.

Monday, November 26, 2007

Төвхөний хийдэд авсан хэдэн зураг




Энэ хийдийг 1653 онд Өндөр гэгээн Занабазарыг Дашлхүмбээс буцаж ирэхэд нь сүсэгтэн олны санаачлагаар уран бүтээл туурвихад нь зориулж барьжээ. Энэ хийд Хангайн нуруунд орших Шивээт улаан (Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг)гэдэг байгалийн үзэсгэлэнт газар оршдог бөгөөд Өндөр гэгээн бүтээлийн сүм барих ажлыг өөрийн биеэр удирдан байгуулж эбэнгачил буюу баясгалант аглаг орон хэмээн нэрлэсэн гэдэг.
Өндөр гэгээн энд алдартай олон барималаа бүтээснээс гадна монгол түмний сосёлын том өв соёмбо үсэг хэмээх шинэ бичгийг зохиосон байна.
Төвхөний хийд монгол нутгийн олон сүм хийдийн адил хэлмэгдэлд өртөж сүйдсэн ч гэлээ хэдэн жилийн өмнөөс дахин сэргээх ажил эрчимтэй өрнөж, аянчин жуулчдын очих дуртай газрын нэг болжээ.

Жагсаж зогссон цахлай


Эрх чөлөөний хөшөө үзэж яваад ингээд жагсчихсан цахлай шувууд таарсан юм. Хүн өрөөд тавьчихсан юм шиг инээдтэй байгаа биз?

Sunday, November 25, 2007

Оньсого #11 хариу

Эхний оньсогоны хариу гэрийн бүслүүр, дараагийнх нь өрх. Бум Эрдэнэ ах хамгийн түрүүнд алдаатай байсан ч гэсэн тааж түрүүллээ. Заяа шинэ оньсого өгсөнд баярлалаа. Хариуг нь бодоод бодоод олсонгүй. Миний эмайлээр явуулчихвал би энэ оньсогыг чинь дараагийн долоо хоногт тавья. Оньсого таалцсан та бүгдэд маш их баярлалаа. Дараагийн долоо хоногт нэг шинэ оньсоготой уулзъя.

Thursday, November 22, 2007

Оньсого #11

Дахиад хоёр оньсого.
1. Чи үүгээр яв, би түүгээр явъя, Билүүтийн гол дээр уулзъя, тэр юу вэ?
2. Өглөөний хонь хойшоо бэлчинэ, оройн хонь урагшаа бэлчинэ, тэр юу вэ?

Wednesday, November 21, 2007

Happy Thanksgiving!


Жил бүрийн 11 сарын дөрөв дэх пүрэв гаригт америкчууд талархлын баяраа тэмдэглэдэг. Гэр бүлээрээ цуглаж, цацагт хяруулаа шарж баярлана. Зарим хүмүүс хошигнож энэ өдрийг "Turkey day" гэж байгаа нь элбэг сонсогдоно. Оюутнууд гэртээ харьдаг болохоор манай энэ хавь чимээгүй эл хульхан болчихдог юм.
Түүхийг сөхвөл анх Виржиниа муж улсын Беркли плантаци дахь сууршигчид 1691 онд, Массачусэч муж улсын Plymouth (монголоор яаж галиглахыг олж мэдэж чадсангүй) дахь сууршигчид 1621 онд ургац авсаныхаа дараа бурханд талархаж тэмдэглэсэн байна. Нутгийн уугуул иргэд нүүж ирсэн хүмүүст эрдэнэ шиш хэрхэн тариалахыг зааж өлсөж үхэх аюулаас аварсан хэмээн бүгдээрээ цугралрч баярласан гэх домог яриа ч бас байдаг.
1789 онд Америкийн анхны ерөнхийлөгч Жорж Вашингтон энэ баярыг албан ёсны баяр хэмээн зарлаж хууль гаргасан гэдэг.

Хэзээ эхэлсэнийг нь мэдэхгүй юм, ерөнхийлөгч энэ өдөр сонгож авсан нэг цацагт хяруулыг албан ёсоор өршөөдөг заншил бий. Өршөөгдсөн шувуу аль нэг амьтны хүрээлэнд айх аюулгүй насыг бардаг гэнэлээ.
Би энд ирсээр хэд хэдэн удаа цацагт хяруул шарж үзсэн юм. Гол төлөв хүүгийнхээ хүсэлтээр ингэсэн хэрэг. Том шувуу болохоор гоё болгоход нэлээн их чармайлт ордог бололтой. Ямар ч гэсэн шарсан шувуу маань идэж болохоор боловч нэг их сайхан болж байгаагүй юм байна. Сүүлийн хоёр жил цацагт хяруул биш харин нугас шардаг заншилтай болоод байгаа. Арай амттай сайхан болоод байх шиг санагддаг. Энэ жил харин хүү маань эмээтэйгээ Вашингтон хавьд байгаа танилынд маань зочлох учраас шувуу шарах ажлаас чөлөөлөгдөөд байгаа.
Та бүхэнд сайхан баярлахыг хүсье.

Хогноос олсон зураг сая доллар хүрсэн нь


Дөрвөн жилийн өмнө нэгэн өглөө Нью Иорк хотын оршин суугч Элизабэт Гибсон овоолсон хогны хажуугаар гарахдаа хогон дунд нэгэн тосон будгийн зураг байхыг олж харжээ. Тэр би абстракт зурганд тийм сонирхолтой биш, гэхдээ л хэн нэгний бүтээл ингээд хогон дээр хэвтэж байх нь харамсалтай санагдсан гэж ярьсан байдаг. Элизабэт зургийг гэртээ авчирч ханандаа өлгөжээ. Түүний нэг танил нь харин үнэтэй цэнэтэй бүтээл байж юуны магад урлаг судлаач хүнд үзүүл гэж зөвлөсөн байна.
Ингээд судлаад үзсэн чинь энэ зураг 1970 онд Мексикийн зураач Руфино Тамаёогийн "Гурван хүн" (Tres Personajes) хэмээх 20 жилийн өмнө хулгайд алдагдсан зураг байсан гэдэг. Элизабэт бүсгүй зургийг анхны эзэнд нь буцааж өгөөд $15000 шагнал (анх зургийг алдагдахад амласан) авчээ.
Зургийг анх 1977 онд $55000 үнээр Sotheby's дуудлага худалдаагаар Хьюстоны уугуул эр эхнэртээ бэлэг болгон авсан юм байж. Эзэд ойрмогхон энэ зургийг мөн л Sotheby's дуудлага худалдаагаар нэг сая дөчин есөн мянган долларын үнэ хүргэж заржээ. Зарсан орлогоосоо Элизабэт хүүхэнд тодорхой хувь хүртээсэн гэнэлээ.
Хулгайн хэргийг Холбооны Мөрдөх Товчоо шалгасаар байгаа гэнэ. Үнэтэй хог байгаа биз?

Tuesday, November 20, 2007

Тэмээ


Хэдэн жилийн өмнө Хар Хорин ороод буцаж яваад ийм ачаа ачсан машин таарч, би их л олзуурхан зургийг нь аваад сүйд болсон юм. Жолоо барьж явсан ах маань уг машины жолоочтой мэнд мэдэнгээ тэмээгээ хааш нь аваачиж яваа юм бэ гэсэн чинь, хот уруу маханд ачиж яваа юмаа гэж билээ. Эмээ маань тэмээний мах иддэггүй говийн хүн, бид бүгдээрээ нэг тийм. Ах маань түй хэрэггүй асуулаа, сэтгэлд сэвтэй гэдэг нь гэж билээ.

Monday, November 19, 2007

Шөнө...

Шөнө дунд утас дуугарав. Орноосоо унах шахам босч, утас уруугаа харайлгав. Утсанд хүрэх хэдхэн секундэд юу болсон юм бол гэх эвгүй бодол толгойд эргэлдэж, зүрх бачуурна. Тэр жил яг л ингэж шөнөөр утас хангинаж, аавыгаа алдсаныгаа мэдэж билээ. Түүнээс хойш шөнөөр утас дуугарах болгонд муу юм бодогдож, зүрх дэлсдэг болсон юм. Нойрмог сэрж амжаагүй тархинд элдэв бодол эргэлдсээр утсанд хүрвэл испани аялагатай эрэгтэй хүний дуу гарч "лифт засварын газар мөн үү?" гэх нь тэр. Бишээ, утас андуурсан байна гэж уцаартай хэлээд утсаа шидлээ.
Уртаар санаа алдаад, ойрхон байх сандал дээр суулаа. Зүрх салгалсан хэвээрээ, нурууны хүйтэн хөлс асгарсаныг сая л мэдрэв. Босч аяганд ус хийж уулаа. Цаг харвал хоёр цаг. Эмчийн өгсөн зүрхний эмээ уудаг ч юм уу гэж эргэлзэв.
Гадаа уг нь харанхуй байгаа бололтой, гэхдээ их хотын гэрэл тэнгэрт түгэх оддыг харгдуулахгүй нуух аж. Бүрхэг ч юм уу, цэлмэг ч юм уу бүү мэд. Харьцангуй чимээгүй, хааяа холоо гал командын машин дохиогоо хангинуулах нь сонсогдоно. Гэв гэнэт од олж харалгүй олон сар болсоноо саналаа. Цонхонд дөхөөд од харах гэж хичээн хүзүүгээ сунган удаан зогслоо. Олж харсангүй.
Монголд очоод шөнө гадаа гарахад үй түмэн одод гялалзаж, тэнгэр тэднийг даахгүй доошоо унах гэж байгаа мэт ойр харагдаж, тэртээх оддыг шүүрч болмоор юм шиг санагддагсан. Эргээд хүүхэд болж аавдаа ганц эрхлэхсэн. Зөндөө том болсон хойно ч даарах вий, өвдөх вий гэж санаа зовж суудагсан. Олигтой хоол унд хийж идэж чадаж байна уу? Өвөл боллоо, дулаан хувцас бий биз дээ гээд л утсаар ярихад шалгаадагсан. Аав одоо дандаа дэмий юманд санаа зовж байх юм гээд шоолоход, хэ хэ аав нь охиноо санаад л гэдэгсэн. Дахиад нэг удаа ч гэсэн тэр дууг сонсохсон.
Цаг хугацаа сэтгэлийн шархыг эдгээдэг гэж хэн хэлсэн юм болоо? Эдгэхгүй, бүх юм яг л өчигдөр болоод өнгөрсөн юм шиг нүдний өмнө эрээлжилж байх юм. Нөхөж эдгээж болшгүй шарх гэж байдаг аж. Орчлонгийн жам гэж мэдэж байвч, арай л болоогүй байсан юм шүү дээ гэх бодол салахгүй дагаж, сэтгэлийн онгорхойг улам томруулах мэт санагдана.

Sunday, November 18, 2007

Оньсого #10 хариу

Оньсогын хариу сонгино арилгах. Олон хүн зөв таажээ. Бумаа ах сонгино гэснээс арилгах гэж дурдсангүй, Заяа хамгийн түрүүнд зөв бөгөөд бүрэн хариулсан байна. Оньсого таалцсан та бүгдэд их баярлалаа. Баасанд дахиад нэг оньсогоор уулзацгаая.

Saturday, November 17, 2007

Dog walker


Нохой зугаалуулагч Нью Иорк хотын нэгэн онцлог гэж хэлж болмоор. Баян чинээлэг хүмүүс, завгүй карьер хөөгчид нохойгоо хүнд хөлс өгч зугаалуулдаг байна. Цалин хөлс эрдмийн ажил хийдэг мань мэтийнхээс хамаагүй өндөр гэж дуулсан юм.
Манхаттенд Central park аар явбал ийм хүмүүстэй олон тааралддаг.

Thursday, November 15, 2007

Оньсого #10

За энэ долоо хоногийн оньсого:

Дүүгийнхээ хувцасыг уйлан тайлна, тэр юу вэ?

Хариуг бүтэн сайнд тавья.

Оройн хоол

Ингээд л нөгөө дайллага, цайллагын сезон эхлэх шив дээ. Манай дарга намар ажил сургууль жигдрээд ирэхээр биднийгээ дагуулж оройн хоолонд ордог заншилтай. Анх намайг ирж байхад шинэ хүн ирэх болгонд гадуур оройн хоолонд явдаг байлаа. Цөөхүүлээ байсан болохоор тэр үү, амархан зохицуулж болдог байсан юм. Жил ирэх тусам олон янзын ааш араншин, ёс заншилтай хүмүүсийн тоо нэмэгдээд тэдний цаг зав, дур сонирхолыг тооцоод ирэхээр төлөвлөж гарах нь түвэгтэй болоод цөөрсөн гэж байгаа.
Манайх ирланд, япон, польш, монгол, испани, энэтхэг, франц, америк зэрэг улсуудаас ирсэн арваад хүнтэй, дээр нь тэдний гэр бүлийн хүмүүс, найз залуу, бүсгүй гээд нэмэгдээд овоо том груп болж аваад гарна даа. Манай хоёр америк хоёулаа еврей, нэг нь бүр "observant" еврей (шашныхаа зан заншлыг мөрдлөг болгодог гэсэн үг л дээ). Тэр маань зөвхөн кошэр (kosher) хоол хүнс хэрэглэнэ.
Дэг жаягаа дагадаг еврей айлууд хоёр гал тогоотой байдаг. Яг хоёр тусдаа өрөө биш л дээ, гэхдээ бүх сав суулга, аяга таваг, халбага сэрээ нь махных, сүүнийх гэж хоёр тусдаа, учир нь эд нар мах сүүг хольж болохгүй ёстойд байдаг гэнэ. Түүнээс гадна алив амьтны махыг тодорхой аргаар нядалсан байх ёстой гээд нэлээд түвэгтэй дүрэм журамтай юм байна. Хэдэн мянган жилийн турш энэ дүрмээ ягштал мөрдсөөр ирсэн байх юмаа. Түүхчид, судлаачдын үзэж байгаагаар мах, сүү холихгүй байх заншил хоол ундаа муутгахгүй, эрүүл ахуй талаасаа ийм шийдэлд хүрсэн гэж үздэг юм байна лээ. Ер нь энэ тухай дараа нэг юм бичье гэж бодоод байгаа. Жаахан ул суурьтай судлах хэрэгтэй болох байх.
За тэгээд энэтхэг маань мах иддэггүй гээд олон шалгуур давж байж кошэр, загаснаас өөр махаар хоол хийдэггүй япон ресторанд хооллох болов. Аргагүй том газар тулдаа бас ийм сонголт олдсон гэж байгаа, жижиг газар бол бүгдээрээ хамт суугаад хооллох газар олдохгүй байсан болов уу. Мэдээж мань мэтийн хэдэн хүмүүс мах байхгүй гэхээр сэтгэл дундуур байснаа тэмдэглэх хэрэгтэй байх.

Хоол унд нь санасныг бодоход дажгүй байлаа. Шинэ зүйл туршиж үзэх ер нь зүгээр юм. Хамгийн гол нь бүгдээрээ цуглараад ганц хоёр шил пиво ууж ярьж хөөрөөд цаг тун хурдан өнгөрсөн л дөө. Сонирхсон хүнд орж үзээрэй гэх байна. Рестораны нэр "Ozu" Amsterdam avenue д, 87 ба 88-р гудамжны хооронд байдаг юм байна лээ.
Өө тэгээд сууж байтал энэтхэг бүсгүйн маань төрсөн өдөр болж таараад, торт лаа болоод Happy Birthday to You гээд ресторанд байсан бүх хүмүүс хоолой нийлүүлж дуулсан нь сайхан санагдсан шүү.

Monday, November 12, 2007

Гэр барьсан нь




Тэр зун Тэрэлжид зусахаар очоод гэрээ барьж байгаа байдал. Тэр үед ингээд л хүн амьтанд үзүүлнэ гэж санаагүй болохоор дууссан хойноо зураг аваагүй юм байна. Одоо эргээд харахаар сайхан санагдаад байдаг юм.

Sunday, November 11, 2007

Оньсого #9 хариу

Энэ долоо хоногийн оньсогыг Пүүж хамгийн түрүүнд тааж түрүүллээ. Жаагий бас зөв хариулсан байна. Манайхаар орж оньсого таалцсан та бүгдэд баярлалаа.
Оньсогын хариу тогоотой өрөм, сүү, хусам юмаа.
Дараагийн тав дахид дахиад нэг оньсоготой уулзацгаая.

Thursday, November 8, 2007

Солгой хүмүүс түргэн сэтгэдэг үү?

Австралийн судлаачид солгой болон баруун гартануудыг харьцуулсан судалгаан дээр үндэслээд солгой хүмүүс компьютер тоглоом болон алив спортын төрөлд илүү амжилт гаргадгийг тогтоожээ. Үүний үндэс нь солгой хүмүүс түргэн сэтгэдэгтээ бус харин тархины баруун хэсгийг голчлон ашигладаг бөгөөд энэ хэсгээс алив мэдээлэл зүүн мөч уруу тархины зүүн хэсгээс баруун мөч уруу хүрэхээс илүү түргэн очдогт байдаг гэж тайлбарласан байна. Түүнээс гадна солгой хүмүүс алив үйлдэл хийхдээ тархины баруун зүүн хэсгийг хоёуланг нь ашиглах чадвар арай дөнгүүр байдаг гэж тодорхойлжээ.

Оньсого #9

Олон хүн таах биз гэж найдаад нэг ийм оньсого тавилаа.

Дээрээ дэн шар
Дундаа дун цагаан
Доороо азай буурал, тэр юу вэ?

Хариуг бүтэн сайнд..

Tuesday, November 6, 2007

Lombard Street, San Francisco


Энэ гудамж АНУ-ын хамгийн их тахиралдсан гудамж гэж алдаршсан юм. 1922 онд тэр хавийн газрыг эзэмшиж байсан Карл Хэнри гэгч уг гудамжны дэндүү өгсүүр хэсгийг машин аюулгүй өгсөж уруудах нөхцөлийг хангахын үүднээс ингэж тахиралдуулах санааг гаргаж, замыг 1923 онд барьж дууссан байна. Одоо бол Сан Францискод зочилсон хэн бүхний үзэх ёстой газруудын нэг болсон.

Monday, November 5, 2007

Аймаар ном (The Tiny Trapeze Artist by Suzzane Weyn)


Хүүгийнхээ хэрэггүй гэсэн номнуудыг ухаж байгаад бага насны хүүхдэд зориулсан хэдэн үлгэрийн ном олж ихэд олзуурхаад охиндоо өгсөн юм. Охин маань бүгдийг нь сонирхож үзээд, их л зугаатай байгаа бололтой. Тэр дундаас Мийп гэдэг хулганы тухай үлгэртэй номыг надад авчирч уншуулсан юм л даа.
Эрт урдын цагт Мийп гэгч жижигхэн гөлчгий өнчирч хоцроход, нэгэн сармагчингийн гэр бүл түүнийг өргөж авч өсгөсөн юмсанжээ. Түүнийг бяцхан хөөрхөн гэж бүгд л өхөөрдөж хайрладаг байв. Мийп ах дүүсийнхээ адилаар модноос нодонд дүүлж тоглохыг хүсэх боловч бие жижигтэй учраас дүүлэн харайж арай л чаддаггүй байж. Нэг нартай өдөр бүлэг анчид ойд ирээд Мийпийн гэрийнхнийг тороор бариад аваад явчихжээ. Хөөрхий хулгана зөндөө их уйлж гансран сууж байтал, тэртээд хүүхдийн аврал эрсэн дуу гарчээ. Гүйгээд очвол нэгэн охин голд унаад модны мөчрөөс зүүгдэн усан дээр тогтож байв. Эргэн тойронд нь том том матрууд гэтээд хэцүү хэрэг болсон байв. Мийп хамаг хүч ухаанаа дайчилж модноос модонд дүүлж охинд урт мөчир бариулж аварчээ. Охин тэр хавийн тосгоны ноёны охин байгаад, Мийпийг гэртээ дагуулж очжээ. Охины аав түүнд баярласан талархсанаа илэрхийлээд, түүнд ямар нэгэн тус хэрэгтэй эсэхийг асуухад, бяцхан хулгана өөрийнхөө гэр бүлийнхнээ аврах хүсэлтэйгээ хэлжээ. Ноён тэр даруй анчдыг дуудаж Мийпийн гэрийнхнийг суулахыг тушаав. Тэд бүгдээрээ баяр хөөртэй уулзацгааж, ойдоо буцан амар сайхан жаргажээ. Гэсэн ийм үлгэрийн зурагтай ном байсан юм л даа. Үлгэрээ уншуулж дуусаад охин маань уйлаад, дахиад тэр номонд ойртоогүй. Яaгаад тэр билээ гэсэн чинь, өөдөөс "Аймаар ном" гэж хариулсан. Яг дуудлагаараа бол "Аймаая мом" гэсэн л дээ. Сахалтай анчид л айлгачихсан бололтой. Одоо харин Микки маустай номоо өдөржингөө таарсан хүнээр уншуулаастай.

Sunday, November 4, 2007

Оньсого #8 хариу

Оньсого дэндүү хэцүү байв уу, ямар ч гэсэн хүн таах гэж оролдсонгүй. Оньсогоны хариу чихэж чанасан хонины ходоод юмаа. Дараагийн баасанд дахиад нэг оньсоготой уулзъя.

Thursday, November 1, 2007

Хорт хавдараас хэрхэн бултах вэ?

Дэлхийн Хавдар судлалын хүрээлэн 7000 судалгааны үр дүнг харьцуулан дүгнэж шинэ зөвлөмж гаргажээ. Хүмүүс өндөр насалдаг болсон мөн тодорхойгүй олон шалтгаанаар хорт хавдараар өвчлөх тохиолдол улам олон болж байгаа билээ. Ерөнхийдөө хорт хавдарын 1/3 тохиолдол нь хүмүүсийн амьдарлын хэв маягаас хамааралтай гэж үздэг юм байна. Тэгвэл бид энэ зөвлөмжийг дагавал эрсдэлийг 30 гаруй хувиар бууруулах боломжтой байх нь ээ. Үүнд хамгийн эхэнд биеийн жингээ хасах шаардлага бичигджээ. Насанд хүрсэн хүн 21 наснаас хойш жин нэмэхгүй байх нь ялангуяа хөх болон бүдүүн гэдэсний хорт хавдар тусах эрсдэлийг бууруулна гэсэн байх юм. Цаашлаад архи дарс хэтрүүлэн хэрэглэхгүй байх, мах тэр дундаа утсан болон хагас боловсруулсан махан бүтээгдэхүүн, чихэрлэг ундаа (энд хийжүүлсэн ундаа бас жимсний шүүс хамаарна) хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй гэнэ шүү.
Нярай хүүхдийг хөхөөр хооллох нь хүүхэд өсөөд илүүдэл жинтэй болохгүйгээс гадна ээж нарын хөхний хавдар тусах эрсдэлийг багасгадаг байна. Мэдээж биеийн тамир оролдох бас хэрэгтэй. Насанд хүрсэн хүн өдөрт 30 орчим минут, хүүхдүүд дор хаяж нэг цаг идэвхтэй хөдөлгөөн хийх шаардлагатай гэжээ.
Гэхдээ хорт хавдарын 60аас илүү хувь нь амьдарлын хэв маягаас хамааралгүй, удамшлын эсвэл тодорхойгүй шалтгаанаас болдог байна. Ямар ч гэсэн өөрсдөөс хамаарах зүйлсийг мөрдлөг болговол бас учиртай гэж бодогдов.

Оньсого #8

За энэ долоо хоногийн оньсогоо таацгаагаарай.

Өлсөж үхжээ гэхэд өөх үмхээстэй
Хөлдөж үхжээ гэхэд дах нөмрөөстэй
Нохойд бариулжээ гэхэд мод бариастай, тэр юу вэ?