Thursday, January 31, 2008

Насжилт ба хөдөлгөөн



Сүүлийн үед компьютерийн дэлгэц, зурагт, цаас гурав ээлжилж шагайсаар байгаад битүү хайрцганд амьдарч байгаа юм санагдах болжээ. Гадуур хөлийн чилээ гарган алхаж, дэлгүүр хэсч, зоогийн газар хооллох гэж юу байдгийг мартсан байсныг саявтар Английн Лондон хотын King's College-ийн судлаачдын хэвлүүлсэн судалгаа сануулах шиг болов. Тэд 2401 ихэр хүмүүсийг хэр идэвхтэй амьдардаг талаар анкет бөглүүлж дараа нь тэдний хромосомын теломер хэмээх хэсгийн уртыг хэмжжээ (цусны цагаан эсээс ялгаж авсан ДНХ дээр үндэслэж). Теломер бол хромосомын үзүүрт байх олон давтамжтай sequence (монгол нэрийг нь олсонгүй) бөгөөд эс насжих тусам богиносож байдаг хэсэг юм. Теломер богиносох тусам эсийн өөрийгөө гадны муу нөлөөнөөс хамгаалах чадвар буурдаг байна.
Хөдөлгөөн багатай, спортоор хичээллэдэггүй хүмүүсийн теломер долоо хоногт дунджаар 199 минут дасгал хийдэг идэвхтэй хэсгийнхэнтэй харьцуулахад дунджаар 200 нэгжээр (нэгж: нуклеотид) бага байсан гэнэ. Сайн тооцоод үзвэл идэвхтэй хэсгийн хүмүүс эсийнхээ түвшинд идэвх багатай хүмүүсээс даруй 10 жилээр залуу байна гэсэн үг аж. Энэ бол эсийн насжилт ба амьдарлын хэв маягийг холбосон анхны судалгаа бөгөөд хөдөлгөөний дутагдал хорт хавдар, чихрийн шижин, зүрх судасны өвчлөлтийн эрсдэлийг нэмдэг гэсэн ажиглалтыг баталгаажуулж байгаа юм. Яагаад гэхээр теломер богиносох тусам эс гадны элдэв халдлагад өртөмхий болно, тэр хэмжээгээрээ өвчилнө. Харин урт теломертэй эсүүд ийм халдлагаас өөрсдийгөө хамгаалж чадна тэр хэмжээгээрээ өвчний эрсдэл буурна гэсэн үг.
Ингэхээр нүүрний үрчлээ төдийхнээр хүний оврыг тодорхойлох учир дутагдалтай хэрэг болох нь ээ. Элдэв гоо сайхны мэс ажилбар хийлгэснээс идэвхтэй амьдарч, эсээ залуужуулах нь зөв болж таарч байх шиг. Гэснээс сүүлийн үед зурагтаар гарч байгаа жүжигчид бүгд адилхан харагдаад байдаг нь гоо сайхны мэс засал хэр газар авсаны хэмжүүр юм уу даа. Миний хувьд амьдарлын жам, насны бэлэг гээд үрчлээ болгоноо ад үзэхгүйгээр хүлээж авна гэж боддогоо.
За тэгэхээр өдөрт дор хаяж 30 минут гүйж, алхаж, дугуй унаж, гимнастик хийхгүй бол жинхэнэ цаагуураа оворжих нь байна шүү. Би ч нэг арга бодохгүй бол миний хэдэн эд эс аль эртнээс гомдол тавиад байгаа юм. Угаасаа хөдөлгөөнд хойрго надад 30 минут ямар урт санагддаг гээч.

Оньсого #21

Пөөх юу ч хийж амжаагүй гүйж явтал долоо хоног өнгөрчихсөн байх юмаа. За оньсогоны цаг боллоо, бүгдээрээ наашаа сууж оньсогоо таагаарай.

Тээр тэнд нутагтай
Тэмээн хонгор зүстэй
Бутан бумбар толгойтой
Бурхан багшийн бүрэлбаатай, тэр юу вэ?

Тааж болгооно уу, хариуг бүтэн сайнд.

Tuesday, January 29, 2008

Чихний бөглөө

Английн 11 настай Жэром Бартэнс гэгч хүү 2 настайдаа нэг чих нь дүлийрсэн оноштой, чих нь үргэлж өвддөг, хичээл сургуульдаа амжилт гаргадаггүй нэгэн байжээ. Гэтэл нэг өдөр чихэнд нь бөглөөс гарах мэт чимээ гараад чих ухагч савхны хөвөнтэй толгой гарч иржээ. Хүү 9 жилийн турш чихэндээ хөвөнтэй түүнээсээ болж дүлий хэмээн оношлогдож, өвдөж зовж явсан байна. Тэрбээр 2 настай байхдаа тэр хөвөнг чихэндээ өөрөө хийсэн байх гэж гэрийнх нь таамаглаж байгаа аж. Хамгийн хачирхалтай нь есөн жилийн турш эмч нар ийм байдлыг нь олж тогтоож чадаагүй, хүүг дэмий шаналгасан явдал юм. Одоо Жэромийн сонгол хэвий бөгөөд сургуульдаа дуртай явдаг болсон гэнэлээ.
Ийм мэдээ уншаад хүүг жигтэйхэн их өрөвдөв. Жаахан амьтасыг сайн л харж байхгүй бол янз бүр болох энүүхэнд шүү дээ. Дээр нь эмч нар ийм юм олж харахгүй байна гэж хайнгынх юм болов уу? Би чих уруу дуранддаг дурангаар харж үзээгүй л дээ. Дараа хүүхдийн эмч дээр очихдоо харж үзье байж гэж бодогдчихлоо.

Monday, January 28, 2008

Хувин өшиглөжээ

Ойрд зурагтаар миний дуртай хоёр жүжигчний (Морган Фрийман, Жак Николс)тоглосон "Bucket list" гэсэн кино рекламдаад байгаа юм. Киноны үйл явдлыг ажвал нас дээр гарсан хоёр найз үхэхээсээ өмнө хийж бас үзэж амжаагүй юмаа гүйцэлдүүлж байгаа харагддаг юм. Харин киноны нэрний хувьд үгчилж орчуулбал хувингийн жагсаалт болчихоод гайхаад байснаа өнөөдөр ажил дээрээ ярьж суутал, хоёр америк залуу энэ бол "Kick the bucket" гэсэн хэллэгнээс гаралтайг тайлбарлаж өгөв. Хэн нэгэн хувин өшиглөвөл талийгаач болжээ гэж ойлгох хэрэгтэй юм байна. Тэгэхээр дээрх киноны нэр утга агуулгатайгаа таарч байгаа нь энэ ажээ.

Сан Франциско дахь япон хотхон


Америкийн баруун эргийн хотуудад азиас ирсэн цагаач олон байдаг нь газар зүйн байрлалтай холбоотой болов уу. Сан Францискогийн хятад болон япон хотхонууд үнэхээр үзүүштэй, ёс заншил, амьдралын хэв маягаа хадгалж бий болсон санагдсан юм. Би өөрөө японд очиж үзээгүй ч энэ хотхоныг хараад ийм л байдаг болов уу гэсэн сэтгэгдэл төрсөн. Нью Иоркийн хотхонууд барилга архитектур тал дээрээ онцгой юмгүй, зүгээр л тухайн улсын дэлгүүр гуанз л элбэг харагддаг.

Sunday, January 27, 2008

Оньсого #20 хариу

Энэ долоо хоногийн оньсогоны хариу үнс юмаа. Зөв таасан хүн гарсангүй ээ. Ямар ч гэсэн таах гэж оролдсон та бүхэндээ баярлалаа.

Friday, January 25, 2008

Завгүй бүсгүйн нэг өдөр


Тэр өглөө нар ургахаас, харанхуй болж орондоо орох хүртлээ борви бохисхийхгүй ямар нэг юм хийж, хэдэн өрөөгөө дамжин ядартлаа гүйнэ. Өглөө босонгуутаа чанга дуугаар "Ээжээ бос" гэж захиргаадаад, орноосоо бууж, зочны өрөөний буйдан дээр хэвтээд намайг сүү халааж өгтөл тэвчээртэй хүлээдэг юм. Сүүгээ уучихаад, нүүр гар, шүдээ угаагаад (угаахаасаа илүү сойзоороо ус хутган сорж баахан уудаг юм), хувцасаа солиод, эмэгтэй хүн юм болохоороо нүүр амаа янзалж, ээж эмээ хоёрынхоо аль нэгний пудр, уруулын будгийг хэрэглээд, зурагтныхаа өмнө тухтай нь аргагүй хайртай сармагчингаа тэврэн сууж, teletubbies үзээд, эмээтэйгээ салхилахаар гардаг. Салхилж орж ирээд, үдийн хоолоо идээд хоёр цаг хэртэй унтаж босоод орой болтол гэр цэвэрлэх, хоол хийх, юм угаах гээд гэр орны бүх ажилд гар бие оролцох далимдаа дэвтэр дээрээ эсвэл өрөөний ханан дээр зураг зураад бас амжчихна. Ханан дээр зураг зурлаа гэвэл би биш агаа зурсан гээд хариуцлагаас мултарч дөнгөнө. Дундуур нь зав гарвал сармачингаа хооллож, усанд оруулж (нэг удаа жорлонгийн усанд угаачихсан гэж байгаа) бас живх өмсүүлээд авна. Бас гутал хувцасаа хэд хэд сольж амжина. Чебурашка видео, сумо бөхийн барилдаан, компьютер дээр зураг үзэхээ мартана гэж байхгүй.
Оройн хоол хийж эхлэхэд өөрийнхөө тоглоомон тогоо шанагаа бас хангинуулаад, гурил элдэж хэрчиж, заримыг нь бөөрийнхийлөн халаасандаа нөөцөлж авна, дараа өлсвөл гэж боддог бололтой. Оройн хоолны дараа энүүгээр тэрүүгээр ядарсан хүмүүсийг олж, чагнуураар чагнаж онош тогтоож, заримыг нь харандаагаар тарьж, заримынх нь толгойнд массаж хийж арчилна. Бас өөрийнхөө цусны даралтыг хэмжихээ бас мартахгүй. Тэгээд хивсэн дээр хэвтээд нэг хоёр гэж хөлөө өргөн гимнастик хийгээд, казах болон монгол ардын бүжиг хийж, өөрийн мэддэг "Маамуу нааш ир", "Чигчийн чинээ", "Нараа нараа нааш ир", "Цэнхэр дээлээ өмсөөд" гэх мэт
дуунуудыг бүгдийг нь хүмүүстэй хамтарч дуулаад, гурван дугуйтаа унаж нааш цааш холхиулаад ядарсанаа мэдрэхээрээ " Ёо, ёо нойр хүрээд" гэж хоёр гараа дээр гэгч нь өргөж суниагаад одоо унтъя гэнэ. Тэгээд л бас шүд, нүүр гараа угааж, живхээ бас унтлагын хувцасаа өмсөөд хүмүүст сайхан унтахыг ерөөгөөд өрөө уруугаа пажиг пажиг гэж гүйж ороод орондоо орсон хойноо ээждээ "Бандуунаа", "Бүүвэй" эсвэл "Бөмбүүрэй" аль стилээр бүүвэйлэхийг нь заагаад урт гэгч сормуусаа дэвэн дэвсээр давсанд явдаг гэж байгаа. Маргааш өглөө нь нартай уралдаж босоод л нөгөө жаран чавганцын ажлаа борви бохисхийлгүй гүйж амжуулна даа.
Саяхан л улаан нялзрай байсан үр минь нүдэн дээр өөрийн бодолтой, чамгүй биеэ даасан завгүй бүсгүй болоод өсчих юмаа.

Thursday, January 24, 2008

Оньсого #20

Бум Эрдэнэ ахын явуулсан сонин оньсого энэ удаад та бүхнээр таалгая.
Хөдөө хээр хөх бух таргална, тэр юу вэ?
Оньсогын хариуг бүтэн сайнд нийтлэе, тааж болгооно уу.

Wednesday, January 23, 2008

Далайн эрэг дээр


Энэ бас л намар авсан зураг юмаа. Далайн эргээр зугаалж явахад өнгө өнгийн турбан өмссөн хэдэн энэтхэг залуус тун содон харагдахад нь зургийг нь авах гэж их хорхойсч билээ. Улаан цайм өөдөөс нь зураг дараад байлтай биш жаахан холдосхийж байгаад, шувууны зураг авч байгаа дүр үзүүлж байж авсан гэж байгаа. Оросууд голдуу амьдардаг энэ хавьд ийм хүмүүс их сонин харагдаж байсан юм.

Tuesday, January 22, 2008

Хөл хугалаарай

Шинэхэн жүжигчин бүсгүй тайзан дээр гарах ээлжээ хүлээн, хөшигний ард зогсоно. Өөрийн үзүүлбэрээ дууссан туршлагатай нэгэн тайзнаас буухдаа бүсгүйд,
- Break a leg гэж хэлнэ. Магадгүй та кино ч юм уу, зурагтаар иймэрхүү дүрслэл харсан байхаа, яагаад гэвэл энэ хэллэг ялангуяa театрын хүрээнд маш өргөн хэрэглэгддэг юм.
Үгчилж орчуулбал хөл хугалаарай гэмээр, гэхдээ эсрэг утгаар нь хэн нэгэнд амжилт хүсэхдээ хэрэглэнэ.
Энэ хэллэг зөвхөн англи хэл дээр ч биш олон оронд олон хэлээр хэлэгдсэн хуучин идиом юмаа. Гарал үүслийнх нь тухай хэд хэдэн таамаглал байдаг юм байна.
1. Мухар сүсэг бишрэлийн нэг илрэл. Хүнд амжилт хүсч байгаа ч түүнийгээ эсрэгээр илэрхийлж лус савдагаас холдуулж байгаа оролдлого. Манай монголчууд ч гэсэн ялангуяа нялх балчир хүүхдийг хамгаалж муухай гэж дууддаг даа.
2. Анх Англид Элизабэт хатан хааны хаанчлалын үед театр ид хөгжиж байхад жүжигчид үзэгчдээс хөлийн зураас гэх зураасаар тусгаарласан талбайд тоглодог байв. Тоглолт таалагдахад үзэгчид мөнгө идэх юм шиддэг байсан бөгөөд тэр бүгдийг авахын тулд жүжигчид хөлийн зураасаа давах хэрэгтэй болдог байжээ. Хоёр дахь таамаг бол энэ зураасыг олон даваарай гэсэн утгаар "Break a leg" гэж хэлдэг болсон байж магад гэж тайлбарладаг юм байна.
3. Гурав дахь таамаг бол бүр Ромын үеэс үүсэлтэй байж магад гэж үздэг юм байна. Эртний Ромд гладиаторууд хоорондоо тулалдахад өөрийн хайртай тулаанчийг өрсөлдөгчийнхөө хөлийг хугал гэдэг байснаас энэ хэллэг үүссэн байх магадлалтай гэнэ. Тоймтой хэд нь энэ бас бус олон тайлбар байдаг юм байна.
Хэрэв танд хэн нэгэн хөл хугалаарай гэвэл амжилт хүсч байгаа тэр байх нь ээ.

Monday, January 21, 2008

Мэдээллийн төв


Канадын Куйбэк (Quebec) мужийн төв Куйбэк хотын хамгаалалтын цайз орох үүдэнд ийм мэдээллийн төвтэй таарсан юм. Хотын цайз уг нь жуулчид олон очдог онцгой газруудын нэг болохоор эл хульхан энэ асрыг хараад  хүний хөл багатай хөдөө бол ч бас яахав гэхсэн гэж гайхав. Салхи, бороотой өдөр таарсан болохоор ийм байсан юм болов уу даа.

Гар утас ба нойр

Шведийн Каролинска их сургууль ба Америкийн Wayne их сургуулийн хамтарсан судалгаагаар унтахынхаа өмнө гар утас хэрэглэх нь шөнө гүн нойрсоход саад болдог гэсэн дүгнэлт гарчээ. Гар утас үйлдвэрлэгчдийн санхүүжүүлсэн энэ судалгаанд 18-45 насны 35 эрэгтэй, 38 эмэгтэй оролцсон байна. Судалгаанд оролцогчдын тал хэсгийг нь гар утас хэрэглэхэд бий болохтой ижил хэмжээний, үлдсэн хэсэг нь түүнээс маш бага хэмжээний цахилгаан соронзон цацрагтай орчинд унтуулахад, эхний бүлэг хүмүүс гүн нойрстол илүү цаг шаардагджээ. Үүнд үндэслээд цахилгаан соронзон орон хүний биеийн мелатонин гэх хүний дотоод цаг, хэмнэлийг зохицуулдаг гормон ялгарахыг зогсоодог байж болох гэсэн таамаглал дэвшүүлсэн байна. Гүн нойроор сайн унтаж чадаагүй бие ядаргаагаа тайлж чадагүйд хүрэх аюултайг бас анхааруулав.
Судалгаанд үндэслэж унтахын өмнө утсаар ярих шаардлагатай бол энгийн утас хэрэглэх, гар утсаа орондоо ойр тавихгүй байх зөвлөмж гаргаж. Гар утас бараг хэрэглэдэггүй надад сайхан мэдээ санагдлаа.

Saturday, January 19, 2008

Оньсого #19 хариу

Эхний оньсогын хариу гарын алганы хонхор, хоёр дахь нь шүд. Олон хүн эхний оньсогыг гарын алга гэж таажээ. Гарын алгыг бүтнээр нь хэлбэл бас арай учир дутагдалтай санагдана, яагаад гэвэл зөвхөн алгнаы хонхор хэсэг л хазахад хэцүү байдаг шүү дээ. Харин шүдийг бүгд зөв ттаасан байна.
Ирэх долоо хоногт Бумаа ахын өгсөн оньсогыг таалганаа. Энэ дашрамд гоё оньсого өгсөн Бумаа ахдаа баярлалаа гэж хэлмээр байна.

Оймсыг нь цохиод унагаачихна даа.

PhD програмд элсээд удаагүй байхдаа тэнхимийн семинарт ажлаа тайлагнах болоход багагүй тэвдэж зөндөө их бэлдсэн юм. Олон хүний өмнө ярьж сураагүй би хэлэх юмаа бичиж, цээжлээд сандарч байхад манай багш,
- Don't worry. You will knock their socks off гэж хэлсэн нь одоо ч санаанаас гардаггүй л дээ. Яг үгчлээд орчуулбал "Чи тэдний оймсыг цохиод унагаанаа" гэж хэлэх нь. Харин үнэндээ бол чи тэр хүмүүст гайхуулж чадахаар сайн байна гэж хөрвүүлэх нь зөв юм.

Friday, January 18, 2008

Хорь түмэдийн Хорилдай мэргэний домог

Гангаагийн хүсэлтээр эмээгийнхээ ярьж өгсөн хувилбарыг сийрүүлж тавья. Бага байсан болохоор зарим нарийн ширийнийг санахгүй юм.
Эрт дээр Хорь түмэдийн Хорилдай мэргэн хэмээх гөрөөчин байж гэнээ. Тэр нэг удаа Байгал нуурын эргээр гөрөөлж яваад, тэртээ холоос хэсэг хун шувуу нуурын эрэг дээр буухдаа өд сөдөө тайлж, үзэсгэлэнт охид болон хувирч усанд орж наадахыг харжээ. Түүнээс хойш тогтсон цагтаа очиж охидыг бургасанд нуугдан хардаг байв. Цаг хугацаа өнгөрөхөд үзэсгэлэнт бүсгүйчүүдийн нэгнийг онцлон хайрлах болж гэнэ. Тэгээд нэгэн өдөр хун шувуудыг ирж өд сөдөө тайлахад нь онцолж таалсан бүсгүйн өдөн дээлийг нуучихаж гэнэ. Буцах цаг болж бүсгүйчүүд хун шувуу болон нисэхэд дээлээ нуулгасан нэг нь аргагүй хойно хоцорч, Хорилдай мэргэний эхнэр болж амар жимэр хэдэн жил амьдарч, арван нэгэн хүү төрүүлсэн гэдэг.
Харин нэг удаа бүсгүй нөхрөөсөө миний өдөн дээлийг гаргаж үзүүлээч, өмсөж үзье гэж гуйжээ. Хорилдай мэргэн хэдэн жил хамт амьдарч, олон хүүхдийн эцэг эх болсон болохоор олон юм бодолгүй гаргаад өгтөл бүсгүй дээлээ өмсөж хун шувуу болоод тооноор нисч гарахын даваан дээр Хорилдай мэргэн хөлнөөс нь барьж аваад, татаж дийлэхгүй гар алдрахын цагт, за чи ингээд яваад өгдөг байж, харин үлдэж байгаа хөвүүддээ нэр өгөөд яв даа гэхэд хун шувуу гэрийг тойрон Галзууд, Хуасай, Хүбдүүд, Гушад, Шарайд, Харгана, Худай, Бодонгууд, Хальтан, Цагаан, Батанай хэмээн ганганаад нисэн одсон юм гэдэг. Эдгээр арван нэгэн хөвүүн хорь түмэдийн арван нэгэн овгийн эцэг бөгөөд манайх гэдэг айл Хуайсай эцгийн удам юм шүү дээ гэж ярьж билээ. Хорь түмэдийг хун шувуу гаралтай гэсэн тодотгол энэ домгоос үүсэлтэй юм гэнэлээ.

Thursday, January 17, 2008

Оньсого #19

За байз нөгөө миний мэдэх орос хэл ингээд дуусаа гэдэг шиг мэддэг оньсого маань ч дуусах тийшээ хандаж байна даа. Сонин сайхан оньсого мэддэг ба бидэнтэй хуваалцах сонирхолтой бол peakfinder@yahoo.com эмайл бичнэ үү? Бараг л хүн бүхний мэдэх хоёр оньсого энэ удаад тавилаа. Тааж болгооно уу. Хариуг бүтэн сайнд нийтэлнэ.

Харахад ойр ч хазахад хол, тэр юу вэ?
Авдраар дүүрэн аржгар хурганы арьс, тэр юу вэ?

Wednesday, January 16, 2008

Phrase of the day

Ойрд дандаа хар бараан ууртай юм биччихжээ. Өнөөдөр ажлыхантайгаа үдийн цайгаараа хар ярианд хэрэглэгддэг, шууд үгчилж орчуулж болдоггүй хэллэгийн тухай ярьж сууснаас санаа авч нэг ийм булан нээхээр шийдлээ. Хүнд хэрэг болох биз гэж найдна.
Өчигдөр ажил тарахын тэнд хамт ажилладаг залуу хувцаслаж дуусаад:
- ОК, I am folding for today гэсэн юм.
Энэ нь өнөөдрийн ажлаа дуусаад харилаа гэсэн утгаар хэлсэн аж. Яг үгчлээд би өнөөдөртөө эвхлээ гэвэл утгагүй байгаа биз. Миний бодлоор хөзөр тоглодог хүмүүсээс гарсан хэллэг болов уу? Покер тоглож байгаа хүмүүс тоглоомоос гарахдаа "I am folding" гэж хэлж байхыг киноноос харж байсан санагдана.

Эмчийн өрөөнд болсон яриа

Pearle охины бичлэгийг уншаад өөрт тохиолдсон явдал санаанд ороод бичмээр санагдаад гар загатнаад болдоггүй ээ.
Багыгаа гэдсэндээ байхад нь амралтаараа нутаг явсан юм. Замын ядаргаа юу, залуу биш ээж байсан болохоор ч тэр үү гарчих шахаж намайг сандаргаад, ээжийгээ дагуулаад бас болоогүй таньдаг эмч үрүү нь явсан юм. Эмчийн өрөөнд лав тав зургаан хүн шахцалдаад, эмч юу гэж явна гэсэн хамаг юмаа танихгүй хүмүүсийн өмнө дэлгээд байх хэцүү, түгдрэн байж учраа хэлбэл эход харуул гэж бичиг хийж өгөөд гаргав. Гараад эход харж байгаа өрөөнд бүр арваад хүн шаваастай, арай гэж нэг юм харуултал, үзэж байсан эмч юм уу сувилагч юм уу бүсгүй, та жирэмсэн л юм байна ш дээ, тэгээд авахуулах юм уу яах юм гэж олны өмнө сандаргасан гэж байгаа. Би ч бүр хүлээж хүссэн үрийг минь тэгэж хэлэхэд нь жигтэйхэн их гомдол төрсөн юмдаг. Нөгөө талаар үр хөндөх гэдэг тийм энгийн, өдөр тутмын асуудал болчихсон нь сэтгэл эмзэглүүлээд авсан. Тэгээд гарчих гээд байгаа юм, зүгээр байна уу гэвэл, сүйдтэй юм алгаа, юун сүртэй юм гээд тас намжирдсан гэж байгаа. Өгсөн зургийг нь бариад түрүүний эмч дээрээ ирвэл сүрхий ганган нэг охин үзүүлээд дуусч байгаа бололтой хувцаслангаа Мэри Стопс эмнэлэгт очиж ядуу энэ тэр гэж худлаа хэлж жирэмсэнээс хамгаалах эм хэрхэн үнэгүй авдагаа гавьяа байгуулсан хүн шиг гайхуулан ярьж зогсохтой таараад, арай ч дээ хүн амьтнаас ичдэггүй юм байх даа гэж гайхаж билээ.
Үүнээс үүдээд манайд хувь хүний нууц гэдэг асуудал ерөөсөө л байхгүй, өвчтөн ч эмч ч энэ талаар боддоггүй болтой санагдсан. Хуулийн зохицуулалт үгүй байг гэхэд эмнэлэгийн дотоод журам гэж нэг юм баймаар ч юм шиг. Манай эмч нар цалин багатай, чадвар сайтай гэж өмөөрөх хүн олон гардаг, тэр ч бас нэг талаараа үнэний хувьтай. Гэхдээ ядуу юм чинь яасан ч хамаагүй гэж хандаж болмооргүй санагдаад байх юм.

Tuesday, January 15, 2008

Том шувуу


Нутагтаа амарч байхдаа авсан нэг зураг. Их ойртож чадаагүй болохоор яг ямар шувуу болохыг таньсангүй. Хамт явсан улс тас байх гэсэн. Сүртэй том амьтан байна лээ. Ер нь хөдөө амарч явахад мэдэх мэдэхгүй олон шувуу таарч байсан юм. Нэр усыг нь сайн мэдэхгүй хүн нэг иймэрхүү нэр өгөөд л явах юм даа.

Ухралт

Ойрд монгол сонин уншиж байгаад сонгуулийн хуулинд өөрчлөлт хийхдээ эмэгтэйчүүдэд олгох 30% квотыг хаслаа гэж дуулаад гайхаж сууна. Парламентэд сонгогдох гишүүдийн 30% биш, зөвхөн нэр дэвших 30% шүү дээ. Ингэхэд эрх мэдэлтэй эрчүүд эмэгтэй хүнээс айгаад байдаг юм уу, ямар учиртай юм бол? Нэгэнт л хүн амын тал орчим нь эмэгтэйчүүд байхад, шийдвэр гаргах албан тушаалын 30% битгий хэл тал нь эмэгтэй хүн байхад буруудахгүй мэт санагдана. Цаашлаад хуулиа хэрхэн баталсан талаар уншихад бас л бөөн маапаан. Би монгол эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь, шийдвэр гаргах түвшин дэх оролцоо бусад азийн орнуудын эмэгтэйчүүдийг бодвол дээгүүр явдаг гэж итгэдэг байсан маань замхарч үгүй болчих шиг санагдав. Энэ нь ололт амжилтаа үгүйсгэсэн ухралт болчихов уу гэх бодол төрлөө.
Социалист нийгмийн сайн болоод муу олон үр дагаварын арай гэрэл гэгээтэй нь манай эмэгтэйчүүд, Америк болон баруун Европын олон орноос түрүүлж эмэгтэйчүүдэд сонгох сонгогдох эрх олгосон явдал гэж хувьдаа бахархаж хүн амьтанд гайхуулж ярьдаг. Харин өдгөө засаг төрийн тэргүүнд байх эмэгтэйчүүдийн тоогоор дээр дурдсан орнуудаас хамаагүй хол хоцорчээ. Нөгөө л эмэгтэйчүүд хүүхэд өсгөж, нөхрөө бөөцийлөх үүрэгтэй гэсэн хуучинсаг үзэл юм уу, эсвэл хүүхнүүд төрийн ажлыг харчуудаас дээр хийчих вий гэсэн айдас уу? Ямар ч л гэсэн өөрийн тойргоос сонгогдож энэ өөрчлөлтөнд эерэг санал өгсөн гишүүдтэйгээ сонгогчид бид асуудал тавьж, зарлаж, дахин сонгохгүй л баймаар байна. Энд зөвхөн эмэгтэйчүүдийн эрх хязгаарласан хуулиар зогсохгүй алив түвшинд холыг харалгүй баталсан хууль болгоныг хамааруулах нь зүйтэй болов уу?
Бид өөрсдөө сонгосон гишүүдтэй эргээд хариуцлага тооцдог, ямар хууль батлахад хэрхэн санал өгсөн талаар мэдлэгтэй байж, эргээд тойрогтоо ирэхэд нь энэ талаар асууж ярилцдаг баймаар. Нөгөө талаар энэ мэт чухал асуудал дээр ард түмний санал асуулга явуулж ч болмоор. Аль ч нийгэмд олж авсан бай, ололт амжилт болгоныг хайрлан бөөцийлж, хамгаалж баймаар санагдана.

Monday, January 14, 2008

Ном унших юмсан...

Ойрд ажлаа бичиж байгаа нэртэй, мэргэжлийн бичиг цааснаас өөр юм харалгүй явсаар ном уншилгүй удсанаа сая л ухаарав. Зав олдохоор хүүгийн хичээл эсвэл охиндоо зурагтай ном уншиж өгсөнөөр уншлага тэгэсгээд болчих юмаа. Сониуч Жорж, Микки Маустай л найзалж байх шив дээ. Хэзээ нэг завтай болоод зөөлөн сандал дээр хөлөө жийж сууж байгаад уран зохиолын тавьж боломгүй номыг амтархан унших юмсан гэж мөрөөдөөд л. Уг нь өнгөрсөн намар хэд хэдэн сайхан ном худалдаж авсан боловч салхи оруулж амжаагүй л явна.
Ээжийгээ уйдаад гэхээр Чикагод байдаг Энхболд зохиолчийн "Казиног номхотгосон түүх" гэдэг ном авч өгсөн юм. Ээж маань тавилгүй уншиж дуусаад гоё ном гэхээр нь бяцхан атаархал төрөөд л. Хэзээ нэг сайхан ном уншдаг болоо?

Sunday, January 13, 2008

Оньсого #18 хариу

Оньсогоны хариу цасан шуурга, зуд. Энэ долоо хоногийн оньсогыг хамгийн олон хүн таалцсанаас гадна 12 (Хикари, Саарал, МонголГоо, Арсун, Mind, Бума Эрдэнэ, Тэлмэн, Итгэлтхайр, Ганаа, Золоо, Гангаа бас нэг Анонимус) хүн зөв таалаа. Олон хүн оролцож таахаар үнэхээр урамтай байлаа шүү. Та бүхэндээ баярлалаа. Дараагийн долоо хоногт шинэ оньсоготой уулзъя.

Thursday, January 10, 2008

Оньсого #18

Долоо хоног яах ийхийн зуургүй л өнгөрчих юмаа. Нэг мэдсэн оньсогоны цаг болчихож. Энэ удаад эмээгийнхээ хэлж өгсөн оньсогыг тавилаа. Та бүхэн тааж болгооно уу? Хариуг бүтэн сайнд нийтэлнэ.

Өндөр уулыг өрвөлзүүлж
Өргөн талыг цэвцийлгэж
Өөхтэй малыг эцээж
Өн цөнгөөр нь үхүүлээд
Үнэн чи бахтай байлаа, тэр юу вэ?

Monday, January 7, 2008

Угаалга

Намар Брайтон бийч уруу зугаалж яваад ямар нэг сүмийнхэн угаалга (baptism) хийж байхтай таарсан юм. Цагаан хувцастай лам болтой хүн хүүхдүүдийг нэг нэгээр нь ус уруу аваачаад залбирал уншиж байгаад бүтэн биеэр нь булхаж байлаа. Намар аль хэдийн болсон байсан болохоор сэрүүхэн, тэр хүүхдүүдийг даарч байгаа байх даа гэж бодогдож байлаа. Уснаас гарсан тэд учиргүй сэтгэл нь хөдөлж дэвхцэж бүжиглээд л, дуулаад л.
Хүмүүс их сонирхож тойроод л байсан. Би гайгүй зураг ойроос авчихъя гэж бодсон ч бас саад болж төвдөөгүй юм.



Saturday, January 5, 2008

Оньсого #17 хариу

Оньсогоны хариу дэрсний толгой. Энэ удаад зөв таасан хүн гарсангүй, гэхдээ ухаан бодлоо уралдуулж оролцсон та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн баасанд дахиад нэг оньсогоор уулзъя. Хэрэв та энд таалгаж байгаагүй сайхан оньсого мэддэг, бидэнтэй хуваалцмаар бол peakfinder@yahoo.com хаягаар оньсогоо хариутай нь явуулаарай.
Сонин гоё оньсого өгсөн Арсланд чин сэтгэлээсээ талархаж байнаа.

Ямар тэнэг хүн биш...

Хэдэн жилийн өмнө америкийн нэг коллежийн хоёрдугаар курсын монгол оюутантай ямар мэрэгжил сонгох талаар ярьсан юм. Тэр сургуульд сурахын хажуугаар ажил хийж, аль болох аав, ээжээсээ татаас авахгүй байхсан гэж хичээдэг сайн охин.
- ... эгчээ, одоохон хичээлийн жил дуусах гээд, мэргэжлээ сонго гээд байх юм. Бодоод бодоод бодын шийр дөрөв, юунд дуртайгаа олоогүй л явна. Уг нь сургуулиа төгсөөд энд үлдэж ажиллах боломжтой мэрэгжил сонгомоор байх юм. Гээд ямар тэнэг хүн шиг биологоор суралтай биш. Хөөрхий намайг биологич гэж мэдээгүй байж, миний нүд ам орой дээрээ гарах шахаж билээ. Уг нь биологич хүнд энд ажил олох хамгийн амархан, боломж ихтэй, ирээдүйтэй мэрэгжил шүү дээ. Гэхдээ дур сонирхолгүй бол хэцүү байх л даа.
Одоо заримдаа ажилдаа шантрах үе тохиолдохоор тэр охиныг бодож, нээрээ л тэнэг болохоороо ингэж зүдэрч яваа юм болов уу гэж боддогоо.

Thursday, January 3, 2008

Оньсого #17

Та бүхнийг шинэ оноо сайхан угтаж, оньсого таах енерги их цуглуулсан гэж найдаад, Арслан найзын өгсөн сонин сайхан оньсого энэ удаад таалгая.

Үлгэн салган биетэй
Үнэгэн сүүлэн толгойтой, тэр юу вэ?
Хариуг уламжлал ёсоор бүтэн сайнд тавина. Та бүхний ухаан хурц байх болтугай.

Wednesday, January 2, 2008

Зуун салаа модны зурам


Тэрхийн цагаан нуур хүрэх замд Чулуутын голын сав газар хадаг яндар болсон зуун салаа мод байх ба тэнд хүний гараас боов боорцог идэж амташсан хэдэн зурамтай таарсан юм. Хүүхдүүд өхөөрдөөд л явж өгөхгүй хэр удсан ч юм бүү мэд.
Шүтэж, тахисан нэртэй ч архины шил, тамхины хайрцаг гэх мэт хог новш овоолчихсон байгаа нь сэтгэл эмзэглүүлж байлаа. Шүтэж чадахгүй бол зүгээр л байлгаж байхгүй юунд ингэж бузарлана вэ?