Tuesday, February 4, 2014

Сар шинийн мэндээ

Та бүхэн сайхан шинэлсэн болоод шинэлж байгаа биз дээ? Бид үүгээрээ хэдэн бууз жигнэж идээд, хүүхдүүдтэйгээ золгоод, тэдэндээ бэлэг авч өгөөд л дуусав. Шинийн нэгэн ажлын өдөр болохоор өглөө үүрээр нөгөөдүүлээ унтаж байхад нь гараад орой харанхуйд орж ирсэн. Ер нь ингээд дасчихаж дээ. Нэгэн цагт сургуулийн амралт таарвал охиноо монголд шинэлүүлэхсэн гэж мөрөөдөөд л сууж байна.
Яахав ирж яваа цаг юм гэсэндээ ажилдаа ирэхэд гэгээтэй, харихдаа галт тэрэгний цонхоор нар үздэг болж байна. Өвөлжингөө харанхуйгаар гарч орсоор, гэгээ таарахаар үгүй энэ чинь өдрийн гэрэл ийм билүү гэж бодогдох. Анх ирээд ийм газар дасахгүй дээ гэж айж байсан сүүлдээ нэг их анзаарахаа больчихдог л юм байна. Гээд гэрэл үзэхдээ үгүй энэ чинь ийм гоё билүү гэж бодогдох нь сонин.
Энэ жил би гэдэг хүн төлөвлөгөө энэ тэр гэх аргагүй, ирсэнийг нь тосч авна гээд сууж байгаа. Нэг бодлын санаа амар ч юм шиг, тэгсэнээ дандаа адгаж явдаг хүн гэв гэнэт чимээ аниргүйд очихоороо яанаа гэж хоосон бачимдах үе бас гардаг л юм байна. Ямар ч гэсэн шинэ хүнээ хүлээж аваад зун намрыг гэртээ хүүхдүүдтэйгээ өнгөрөөнө дөө. Тэрнээс цааш юу ч харагдахгүй л байна.
Харин та нар минь санасан бодсондоо хүрч, морин жилээ хийморлиг өнгөрөөгөөрэй дөө.